Ла Лигийн 2008 оны тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд 16-р тойргоор өндөрлөлөө. 16-р тойргийн дараах байдлаар Барселона 41 оноотойгоор лигийг тасархай тэргүүлж байна.
Сүүлийн тойрогт Барса Вилльяреалыг хүндхэн тоглолт хийж хожлоо. Эхний гоолыг алдсан ч Сейду Кейта, Тьерри Анри нар чухал 2 гоол хийсэн ч 73 дахь минутанд хамгаалагч Пике улаан хуудас аван, Барса талбай дээр 10-уулаа үлдсэн. Үлдсэн хугацаанд талбайн эзэд болох Вилльяреалд гоол хийх 2 том боломж гарсан ч Г. Франко болон Нихат нар ашиглаж чадсангүй. Ийнхүү Барса 2:1-ээр хожсоноор сүүлийн 4 тойрогт Севиллья, Валенси, Реал Мадрид, Вилльяреал гэсэн Ла Лигийн шилдэг 4 багийг дараалан хожив. Мөн тэд 16 тоглолтонд 48 гоол хийгээд байгаа бөгөөд нэг тоглолтонд дунджаар 3 гоол хийж байна гэсэн үг юм. Барсагийн хийсэн болон алдсан гоолын зөрүү + 38 байна.
Сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдоод байсан Реал Мадрид энэ тойрогт Валенсиг талбай дээрээ Игуайны хийсэн ганц гоолын ачаар хожиж дөнгөлөө. Хэрэв энэ тоглолтонд Реал хожигдсон бол бүр 7-р байр луу шидэгдэх байв. Одоогоор тэд 5-р байранд бичигдэж байна.
Алмериа Спортингд хожигдсоныхоо дараа дасгалжуулагч Гонзало Арконадагаа ажлаас нь халсан байна. Энэ хожигдол нь тэдний сүүлийн 5 тоглолтын 4 дэх хожигдол болж байгаа юм.
Рекративог 4:1-ээр хожсон Депортиво Ла Корунья одоогоор 7-р байранд бичигдэж байна. Он гаргаад энэ эрчээ алдахгүй тоглох аваас ирэх жилийн Евро цомын тэмцээнүүдэд тоглох боломжтой.
Хамгийн сүүлийн байрт байгаа Осасуна Реалыг хожиж, Барсатай тэнцсэн Хетафег 5:2-оор бут ниргэлээ. Осасунагийн дасгалжуулагчаар экс Испаний босс Хосе Антонио Камачо ажиллаж байгаа.
Нумансиа хөрш Реал Валльядолидын хаалганд сүүлийн 5 минутанд 3 гоол хийн, 4:3-аар хожсон байна.
Севиллья хэдхэн хоногийн өмнө УЕФА-ын цомоос хасагдсан бол энэ удаа сулхан Малльоркатай гоолгүй тэнцэж, 2 оноо алдлаа.
Макси Родригес өөрийн хуучин баг Эспаньолын эсрэг 2 гоол хийснээр Атлетико Мадрид Барселона хотын нөгөө багийг 3:2-оор хожив. Ингэснээр Мадридын 2 дахь том баг энэ оныг хүснэгтийн 3-р байранд, Барса болон Севилльягийн ард бичигдэн үдэж байна.
No comments:
Post a Comment